Монгол Солонгосын хамтарсан " MK DRONE CUP 2023" тэмцээн зохиогдлоо.

Монголын Нисгэгчгүй Нисэх Төхөөрөмж Хөгжүүлэлтийн Холбоо, БНСУ-ын KM Drone Consortium, International Sherlock Holmes Detective Agency хамтарч “ KM DRONE CUP 2023 “ анхдугаар тэмцээнийг Налайх дүүргийн “Sky Friends” нисэх буудалд зохион байгуулж өндөрлөлөө.

Онцгой байдлын үед эрэх хайх, аврах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шуурхай газар зүйн байршлыг тогтоох, мэдээлэх тэмцээний дүрэм, удирдамжтай уг тэмцээнд Монгол Солонгосын нийт 13 баг өрсөлдөж тэргүүн байранд ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын агаарын ажиллагааны мэргэжилтэн ахлах дэслэгч Д.Түвшинжаргал, дэслэгч Б.Ууганбаяр нар шалгарч Монголын Нисгэгчгүй Нисэх Төхөөрөмж Хөгжүүлэлтийн Холбооны Цом, Монголын Нисэх Загварын Спортын Нийгэмлэгийн Алтан медаль, мөнгөн шагналаар, дэд байранд Сансар Говь нисэх загварын клубын тамирчин, Колорадогийн Их Сургуулийн оюутан Э.Энхтулга, гуравдугаар байранд БНСУ-ын SUNDORI Drone багын тамирчин Хун Сын Хван нар орж мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналаар шагнагдсан байна.

            “ KM DRONE CUP 2023 “ анхдугаар тэмцээний үер Монголын Нисгэгчгүй Нисэх Төхөөрөмж Хөгжүүлэлтийн Холбоо, БНСУ-ын KM Drone Consortium, International Sherlock Holmes Detective Agency-ууд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн чиглэлээр хамтарч ажиллах, хөгжүүлэх,  хамтарсан төсөл хэрэгжүүлэх, уламжлал болгон тэмцээн зохиох талаар хамтарч ажиллах санамж бичиг гэрээ байгууллаа. Мөн БНСУ -ын SUNDORI Drone компанийн хөгжүүлж үйлдвэрлэж буй тусгай зориулалтын нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үзүүлэх тоглолт, ModelSIM компанийн дрон сургалтын “eDrone Simulator” программын танилцуулга болж, Монголын талд SDR H-EDU, SDR Q-EDU дрон, “eDrone Simulator” программыг бэлэглэх үйл ажиллагаа болж өндөрлөв.

            Энэхүү тэмцээн, арга хэмжээг БНСУ-ын KM Drone Consortium, KDIA Korea Drone Innovation Association ивээн тэтгэж, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын Нисэх Загварын Спортын Нийгэмлэг-MASA ,  Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль дэмжин оролцсон байна.