МЭНДЧИЛГЭЭ
“ЭГЭЛ ЗАГВАРААС ИХ СПОРТОД ХҮРСЭН ЗАМНАЛ...,”
Монголын Нисэх Загварын Спортын Нийгэмлэгийн нийт тамирчид, хамт олны өмнөөс Таны амрыг эрэн мэндчилж байна.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийн нууц нь техник технологи, инженерчлэлийн олон салбарыг хөгжүүлсэнд байдаг. Үүний тулд олон улсын түвшний стандартад нийцсэн инженерүүд бэлтгэдэг. Инженерүүдийг бага наснаас эхлэн тэдний техник сэтгэлгээ, авьяас чадварыг техник технологийн клубын тогтолцоогоор дамжуулан нээн хөгжүүлдэг, эргээд аливаа зүйлийг гараар хийж бүтээх дадлагатай болгодог олон улсын шилдэг үр дүнтэй туршлага их байдаг.
Монгол Улсад нисэх загварын спорт анх 1960-аад оны дунд үеэс эхлэн хөгжсөн түүхтэй. Улаанбаатар хотод Монголын пионер сурагчдын ордон, Хүүхэд залуучуудын “Найрамдал” паркийн Идэр техникчдийн станцад нисэх загварын дугуйлангууд анхлан хичээллэж эхэлснээр манай оронд нисэх загварын спорт үүсэж, хөгжлийн суурь нь тавигдсан. Дараа нь Залуу техникчдийн ордон, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Нисэх спортын төв клуб, мөн аймгийн төвүүдэд нисэх загварын дугуйлангууд хичээллэж, олон арван авьяаслаг хүүхэд, залуусыг техник технологи, инженерчлэлийн ухаанд хөтлөн оруулсан билээ.
Нисэх загварын спортыг үүсгэн хөгжүүлэхэд Х.Дашдорж, Мягмардорж, Д.Бэхбат, Б.Бэхбат, Ш.Төмөрхүү багш нараас гадна зөвлөлтийн мэргэжилтэн багш Ф.Ольшевский, И.Лоцев нарын оруулсан үнэтэй хувь нэмрийг бид санан дурсах учиртай. Монголын нисэх загварын спортын баг тамирчид 1970-аад оноос эхлэн социалист орнуудын хүүхдийн уламжлалт тэмцээнүүд, 1990-ээд онуудад ОХУ-ын Сибирь, Алс Дорнодын бүсийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан.
Монголын нисэх загварын спортын “МАСА” нийгэмлэг 1997 онд байгуулагдаж, эх орондоо нисэх загварын спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын зохион бүтээх, техник сэтгэлгээг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.
2005 оноос эхлэн өнөөг хүртэл тасралтгүй зохион явуулсан чөлөөт нислэгийн олон улсын, дэлхийн цомын болон тивийн аварга шалгаруулах тэмцээн нь жилээс жилд өргөжин тэлж олон улс орныг хамрах болсон. 2015 онд “Дэлхийн Агаарын Спортын Холбоо”-ны албан ёсны “А” зэрэглэлтэй 40 гаруй улс орон оролцдог Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Ази тивд анх удаа, эх орондоо амжилттай зохион байгуулж, энэ тэмцээнээс манай анхны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ М.Гонгор төрөн гарч, ОУХМ Б.Эрдэнэбат ахлагчтай шигшээ баг тамирчид мөнгөн медаль хүртэж байлаа.
ЕБС-ийн технологийн хичээлийн хөтөлбөрт “нисэх загварын ангилал” гэсэн хичээл байдаг ч багш нарын нисэх загварын мэдлэг, туршлага бага байгаагаас шалтгаалан үр дүн сайнгүй байна. Иймд хүүхдүүдийн сонирхол, зохион бүтээх техник сэтгэлгээг үе шаттайгаар хөгжүүлэх, зөв мэдлэг, хүмүүжлийг гүн бат суулгах, хүүхэд бүрийн бие даан суралцаж өөрийн итгэл чадварт суурилсан авьяасаа нээх боломжийг олгох, нэн шаардлагатай байгаа ирээдүйн “Монгол инженерүүд”-ийг олж бэлтгэхэд МАСА-чууд бидний үүрэг, тус нэмэр ихээхэн хэрэгтэй байна.
ЕБС-ийн техник технологийн багш нар болон сурагчдыг нисэх загвараар хичээллүүлснээр Дэлхийн агаарын спортын холбоо (FAI), Монголын агаарын спортын холбоо (MASF), Нисэх спортын МАСА нийгэмлэгтэй хамтран олон улс, тив, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнүүдэд оролцох залуу тамирчдыг бэлтгэх, спортын олон улсын түвшний ур чадвар, техникийн хийц бүтээцээс суралцах эхлэл болох юм.
Эх орондоо техник сэтгэлгээтэй, өндөр технологийн торгон мэдрэмжтэй, ур чадвартай боловсон хүчин бэлтгэх “сургууль” болсон нисэх загварын спортыг дэлхийн төвшинд хөгжүүлэх үйлсийг дэмжиж, хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсье.
Удирдах Зөвлөлийн дарга бөгөөд Нийгэмлэгийн тэргүүн
проф. Ч.ГАНЗОРИГ
Химийн болон техникийн ухааны доктор